Jump to content

Дэлхийн хоёрдугаар дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дэлхийн 2-р дайн-с чиглүүлэгдэв)
Дэлхийн хоёрдугаар дайн

Дээрээсээ цагийн зүүний эргэлтээр: Холбоотны цэргүүд цөлд; Япон цэргүүд Хятадын иргэнийг амьдаар нь булж байна; Зөвлөлтийн армийн тээвэрлэгч дээрээс онгоц хөөрөх гэж байна; Зөвлөлтийн цэргүүд Берлинд байлдаж байна; Германы шумбагч онгоцууд довтолж байна.
Огноо 1939 оны 9 сарын 11945 оны 9 сарын 2
Байрлал Европ, Номхон далай, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Газар дундын тэнгис, Африк
Үр дагавар Холбоотнуудын ялалт. Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсан. АНУ ба ЗСБНХУ хоёр гүрэн маш хүчирхэгжсэн. Холбоотнуудын колониудын тусгаар тогтнол. Европын улсууд АНУ, ЗСБНХУ-ын холбоотнууд болж хоёр хэсэгт хуваагдаж, Хүйтэн дайны эхлэл тавигдсан. Герман хоёр хэсэгт хуваагдсан.
Байлдагч талууд
Их Британи
Зөвлөлт Холбоот Улс
Америкийн Нэгдсэн Улс
Тайвань
бусад
Герман
Итали
Япон
бусад
Удирдагчид
Уинстонн Черчилль
Иосиф Сталин
Франклин Рузьвелт
Чан Кайши
бусад
Адольф Хитлер
Бенито Муссолини
Тоожоо Хидэки
бусад
Хохирол
Цэргийн хохирол:
үхсэн 14,000,000 гаруй
Энгийн иргэд:
үхсэн 36,000,000 гаруй
Нийт хохирол:
50,000,000 гаруй
Цэргийн хохирол:
үхсэн 8,000,000 гаруй
Энгийн иргэд:
үхсэн 4,000,000 гаруй
Нийт хохирол
үхсэн 12,000,000 гаруй

Дэлхийн хоёрдугаар дайн,[1] нь 1939 - 1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ[2]. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ[3].Энэ дайн нь 1939 оны 9-р сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдлаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУ-ын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 8-нд дууссан юм. Харин АзиЯпон улс АНУ-ын довтолгооноор усан флотоо алдсаны дараа 1945 оны 8-р сарын 15-нд үг дуугүй бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр дайн дууссан байна.

Дайны өмнөх нөхцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв[4]. Энэ гэрээгээр Герман нь нэлээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав[5]. Хятадад Гоминдан Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв[6].

Германы явган цэргүүд, 1935

Адольф Хитлер тэргүүтэй Нацист нам 1933 онд Германы төрийн эрхэнд гарч Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна[7]. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопт хяналтаа тогтоох эрхтэй болжээ[8]. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна.

Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна[9][10]. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав[11]. 10-р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав[12].

1936 оны 3-р сараар Хитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европийн улсууд хориг тавьж чадсангүй[13]. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испани Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ[14]. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испанийн иргэний дайн дуусав.

1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлинийн тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Коминтерний эсрэг гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо[15].

1939 оны 8-р сард Зөвлөлт, Герман хоёр Европыг хуваан авах Молотов-Риббентропын гэрээг /нууц хавсралттай/ байгуулж Баруун Польш, Литва улсыг Германы мэдэлд, Зүүн Польш, Молдав, Финланд, Эстони, Латви улсыг Зөвлөлтийн мэдэлд байхаар тохиролцжээ.

Үүнээс үүдэлтэйгээр 1939 онд Баруун Европын сонинд Хитлер, Сталин хоёрыг найз болгон дүрсэлсэн шог зураг нийтлэгджээ.[16]

Энэ дайн нь 1939 оны 9 дүгээр сарын 1-нд Герман улс Польш руу довтолсоноор эхэлсэн ба 2 хоногийн дараа Франц болон Их Британи улсууд Германид дайн зарласан юм. Германы довтолгоотой зэрэгцэн Зөвлөлт тохиролцсон ёсоороо Польшийг зүүн талаас нь довтолж эзэлжээ. Польшийн "Катын" уран сайхны кинонд герман, зөвлөлтийн офицерууд тун дотно, нөхөрсөг харьцаатай байгаа тухай гаргасан байдаг. "Катын" кино 25-р суваг тв-р монгол хэлээр орчуулагдан гарчээ.

Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 дугаар сарын 7-нд эхэлсэн Хятад-японы хоёрдугаар дайны дайн билээ. Бусдаараа Их Британиы түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг дагадаг бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон Европд өрнөж байсан Европ, түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар дайн нэгдсэн гэх явдал юм. Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон зөрчил болсон бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг дэлхий дахинд тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 нь буюу Японы албан ёсоор бууж өгсөн өдөр гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 дугаар сарын 14-нд дайн дууссан гэж үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8 нд үг дуугүй бууж өгөх баримтанд Германы тал гарын үсэг зурснаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм боловч Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтанд 1951 он хүртэл гарын үсэг зураагүй байсан юм.

Европ дахь дайн

[засварлах | кодоор засварлах]
Хитлер ба Муссолини

1939 оны 9 дүгээр сарын 1-нд, Адольф Хитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм]][17]. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм[18]. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Өвлийн дайн буюу Финланд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав[19]. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов[20]. Герман 1940 онд Норвеги, Дани, Нидерланд, Бельги, Люксембург, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм[21][22]. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтолжээ[23]. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хатанх хааны агаарын цэргийн хүчин, Хатан хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй[24][25].

Хитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-ндБарбарос төлөвлөгөө”-ний дагуу Финланд, Румын, Унгар, Итали улсыг хамруулан гэнэтийн өргөн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав[26]. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд орж Москвагийн тулалдаанд ялалт байгуулж[27]. Сталинградын тулаан (19421943)-д Германы 6 дугаар армийг буулгаж аван[28], Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэж[29] 1944 онд Минск болон Киевийн дэргэд Германы Өмнөд болон Төвийн бүлэг армийг бүслэн устгаж үнэмлэхүй ялалт байгуулав. Дараа нь Улаан Арми ухарч буй Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Хитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.

Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийн хагасыг эзлэж[30], 1944 онд Францын Нормандын эрэгт бууж Францыг чөлөөлөв[31][32]. Барууны холбоотнууд Рейн мөрнийг гатлан, Германы баруун бүлэг армийг Рейны бүс нутагт бүслэлтэд оруулж Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.

Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германы төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.

Ази Номхон далай дахь дайн

[засварлах | кодоор засварлах]

1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо[33]. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо[34]. Энэ нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ.

Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Сувдан эрэг]][35], Тайланд, Их Британий эзэмшил болох Хонконг, Малайз руу халдлаа[36]. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Япончууд Их Британи ба Нидерландын эзэмшлийн Бруней, Индонез, Малайзид халдлаа. Япончууд Сиам дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэлсэн байна.

Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Холландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа[37].

Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филиппины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филиппин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж[38], В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов[39]. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв[40].

1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, 8 дугаар сарын 10-ны өдөр ЗХУ болон БНМАУ хамтран манжуур ба өвөрмонголыг чөлөөлөх ажиллагаа эхлэв, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө[41].

БНМАУ-ын оролцоо

[засварлах | кодоор засварлах]
Гол өгүүллэг: Халхын голын байлдаан
Гол өгүүллэг: 1945 оны чөлөөлөх дайн
Гол өгүүллэг: БНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламж

Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан Армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Зөвлөлтийн цэргийн жанжин Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Японы эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.

Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид хамтарсан тогтоол гаргаж, Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжиж: «Зөвлөлтийн ард түмэнтэй эвдэршгүй бат найрамдалтай манай эрх чөлөөг эрхэмлэгч, тусгаар тогтносон улсын бүх ард түмэн фашистын Герман ийнхүү итгэл эвдэн халдсаныг туйлаас буруушааж, зөвлөлт, монголын ард түмний найрамдлыг бүх талаар бэхжүүлэн, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1936 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан “Харилцан туслах тухай Гэрээ”-гээр хүлээсэн үүрэгтээ үнэнч байх болно» гэдгээ илэрхийлсэн юм. 1941 оны дундуур хуралдсан МАХН (МАН)-ын Төв Хорооны бүгд хурал: “фашистын Германыг эсэргүүцсэн Зөвлөлт Холбоот Улсын эх орны шударга их дайн нь нийт хүн төрөлхтний эрх чөлөөний төлөө, БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дайн юм” гэж тэмдэглэсэн байдаг. “Фашистын Германитай эрэлхэгээр тэмцэж буй ЗСБНХУ-ын ард түмэнд бүх талаар туслах нь Монгол Улсын нэг гол зорилт юм, учир нь дэлхий дахины ард түмнийг боолчлохоор заналхийлсэн Хитлеризмийг ялахгүйгээр Монгол Улс цаашид эрх чөлөөтэй, амжилттай хөгжих боломжгүй” гэж бүгд хурлын шийдвэрт онцлон тэмдэглэжээ.

МАХН-(МАН)-ын Төв Хороо, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулсан тусгай комисст Улаан Армид туслах ажил зохион байгуулахыг даалгажээ. ЗХУ-д туслах санд ард, иргэд мөнгө, үнэт зүйлс, хүнсний бараа хуримтлуулах ажил орон даяар өрнүүлж, дулаан хувцас цуглуулж, дайчдад илгээх бэлэг бэлтгэж байлаа. Монгол Улсын хөдөлмөрчид «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» уриа дэвшүүлэв. Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчид, гар урлалын артелийн хамт олон ажлын өдөртөө 10 цагаар, амралтын өдрүүдээр бас илүү цагаар ажиллаж, фронтын дайчдад зориулсан дулаан хувцас, бусад эдлэл оёж бэлтгэж байжээ. Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй тусгай комисст Улаан Армид зориулан зээр, гахайн мах бэлтгэх анчдын бригадыг орон нутагт зохион байгуулахад, анчид ангийн мах бэлтгэх төлөвлөгөөг байнга давуулан биелүүлж байжээ. Монголын эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байв. Олон аймагт эмэгтэйчүүд зөвлөлтийн дайчдад зориулан олон арван мянган цамц, дулаан хүрэм, бээлий, оймс нэхэж байв. Олон хүн сайн дураараа цусаа өгч, донор болж байлаа.

1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс 15 мянган өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа явуулжээ. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв. 1942 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар Улаан Армид зориулсан агт морьдыг малчин ардуудаас улсаас жич тогтоосон үнээр худалдаж авах тогтоол гаргав.

Маршал Х. Чойбалсан Зөвлөлтийн танкийн багийн гишүүдэд бэлэг өгдөг

Монгол Улсын Засгийн газар танкийн цуваа байгуулахад хөрөнгө хуримтлуулах тухай шийдвэрийг Монгол Улсын Бага хурлаас 1942 оны нэгдүгээр сарын 16-нд гаргажээ. Хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс 1942 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ЗХУ-ын Внешторгбанк руу 2.5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулсан нь 3 815 725 рубльтэй тэнцэх мөнгө байв. Үүгээр Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн домогт танкаар шалгарсан Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн цувааг худалдан авсныг маршал Х.Чойбалсан тэргүүтэй Монголын ард түмний төлөөлөгчид 1943 оны нэгдүгээр сарын 12-нд ЗСБНХУ-ын Москва орчмын Наро-Фоминск өртөөн дээр зөвлөлтийн Улаан Армийн 112 дугаар бригадын дайчдад гардуулан өгч, «Хувьсгалт Монгол» гэсэн хүндэт нэр олгосон юм.

Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол” гэснээс гадна бас яг хэний хөрөнгөөр тухайн танкийг бэлэглэж байгааг бичсэн байв. Тухайлбал, 32 ширхэг Т-34 танкны цамхаг дээр тус бүр: Төв, Баянхонгор, Жавхлант, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Булган, Архангай, Завхан, Увс, Ховд, Хэнтий аймгийн ардуудаас, “Улаанбаатарын хөдөлмөрчдөөс”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “МХЗЭ-ийн гишүүдээс”, “МАХАрмийн цэрэг, дарга нараас”, “Чойбалсангийн нэрэмжит АҮК-ын ажилтан, ажилчдаас”, “БНМАУ-ын хилчдээс”, “БНМАУ-ын журамт цэргээс”, “БНМАУ-д оршин суугаа зөвлөлтийн иргэдээс”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын Бага хурлааас”, “Бумцэндээс (БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга)”, “Хатанбаатар Магсаржаваас”; 21 ширхэг Т-70 танкны цамхаг дээр тус бүр: “БНМАУ-ын ардын гэгээрлийн ажилтнуудаас”, “БНМАУ-ын нүүрсний уурхайчдаас”, “БНМАУ-ын САА-н ажилчдаас”, “БНМАУ-ын пионер, сурагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “БНМАУ-д оршин суугаа зөвлөлтийн эмэгтэйчүүдээс”, “Монголын чекистээс”, “Ардаас”, “БНМАУ-ын үйлдвэрчний эвлэлүүдээс”, “БНМАУ-ын эмнэлгийн ажилтнуудаас”, “БНМАУ-ын сэхээтнүүдээс”, “БНМАУ-ын партизануудаас”, “БНМАУ-ын аж үйлдвэрлэлийн хоршоологчдоос”, “Монголын Хоршоодын холбооноос”, “БНМАУ-ын урлагийн ажилтнуудаас”, “БНМАУ-д оршин суугаа хятад иргэдээс” гэж бичсэн байв. Эдгээр танкнаас гадна 237 вагоноор хүргэсэн 1000 т мах, 90 т цөцгийн тос, 80 т хиам, 150 т чихэр, боов, 30000 ш богино нэхий дээл, 30000 хос эсгий гутал, 30000 ш үстэй хүрэм бэлэглэжээ.

1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25.3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1943 онд Монгол Улсын Бага хурал, Засгийн газрын шийдвэрээр «Монгол ард» нисэх онгоцны эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд 12 ширхэг цоо шинэ “Ла-5ФН” сөнөөгч онгоцноос бүрдсэн «Монгол ард» эскадрилийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс эдгээр танкийн цуваа болон эскадрилийг дайн дуустал эд материал, хүнсээр хангаж байв.

1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээжээ.1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан Армид туслах сангийн хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн санд мөнгөө хандивласаар байв. Монгол Улс зэвсэгт хүчнээ бэхжүүлэх нь тусламжийн өөр нэг чиглэл байв. Цэргийн тоо байнга нэмэгдэж, дайны эцэс гэхэд гурав дахин нэмэгдэж, Монгол Улс улсын төсвийнхөө зарлагын 48,5 хувийг цэрэг армидаа зарцуулж байлаа.

Дайны жилүүдэд хоёр улсын хоорондын худалдаа зогсоогүй бөгөөд Монголоос ЗХУ-д жил бүр дунджаар140 мянга гаруй үхэр, 1 сая шахам хонь, ямаа, 170 мянган ширхэг үхрийн арьс шир, их хэмжээний гянт болд нийлүүлж, оронд нь бензин, шатахуун, гурил, цай,даавуу, хувцасавч байв. Харин Монгол Улсын Засгийн газар дайны жилүүдэд ЗСБНХУ-аас бараа импортлохоо эрс багасгаж, хөнгөн үйлдвэрийн зарим төрлийн барааг өөрсдөө үйлдвэрлэж байв.

Дайны турш ЗХУ-д үзүүлж байсан АНУ-ынлэнд-лизийн ихээхэн тусламжийн зэрэгцээ монголчуудын илгээсэн тусламжийн бараа бүтээгдэхүүн хэмжээгээрээ дутахааргүй их байсан юм. Тухайлбал, бүхий л дайны турш 120 гаруй сая хүн амтай АНУ-аас ЗХУ-д 665 мянган тонн нөөшилсөн мах, 54 мянган тн ноос нийлүүлсэн байхад, 800 мянган хүн амтай жижигхэн Монгол Улс энэ хугацаанд 500 мянган тн мах, 64 мянган тн ноос нийлүүлжээ. Дээр нь дайны турш Монголоос ЗСБНХУ-д нийлүүлсэн 500 мянга гаруй агт морь фронт дээр машинаас дутахгүй, заримдаа машин явахааргүй хүнд нөхцөлд зүтгэж ялалтыг ойртуулсан билээ. Фашистын Германыг ялахад Оросын зэс, Америкийн дарь, зөвхөн Монголын гянт болдыг нийлүүлж хийсэн хуяг нэвтлэх сумыг үйлдвэрлэж байв.

Үндсэн өгүүлэл: Потсдамын уулзалт
Үндсэн өгүүлэл: Маршаллын төлөвлөгөө

Олон улсын энх тайваныг сахиулахын тулд[42] Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав[43].

Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж[44], өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна[45]. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ[46].

Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв.

Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв.

Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов[47]. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо[48]. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна[49][50]. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ[51]. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна[52]. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна[53]. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна[54]. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ[55].

Хор уршиг, нөлөө

[засварлах | кодоор засварлах]
Хорих лагерийн хоригдлууд. Австри, 1945

Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв[56][57][58]. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ[59]. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 6 сая хүн нас барсан гэдэг нь тодорхой бус болно.[60], 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ[61].

Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшлийг үүсгэсэн байна.

Оролцсон улсууд

[засварлах | кодоор засварлах]

Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.

Он сар өдөр нь Герман, Итали, Япон франц 4 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.

Тэнхлэгийнхний талд байсан улсууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Дэлхийн хоёрдугаар дайн – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Дэлхийн хоёрдугаар дайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Дэлхийн хоёрдугаар дайн – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Мэдээллийн сангууд
Ерөнхий
Mэдээлэл
Он-лайн баримтууд
  1. Official military histories in Commonwealth nations refer to the conflict as the Second World War, while the United States' official histories refer to the conflict as World War II. English translations of the official histories of other nations tend to resolve into English as Second World War also, for example Zweiter Weltkrieg in German. See C.P. Stacey Official History of the Canadian Army in the Second World War, for example. "Official" usage of these terms is giving way to popular usage and the two terms are becoming interchangeable even in formal military history.
  2. Hartmann, Frederick H. The relations of nations, pg. 312
  3. Dunnigan, James. Dirty Little Secrets of World War II: Military Information No One Told You About the Greatest, Most Terrible War in History, William Morrow & Company, 1994. ISBN 0-688-12235-3
  4. Hakim, Joy (1995). A History of Us: War, Peace and all that Jazz. New York: Oxford University Press. ISBN 0-19-509514-6.
  5. Shaw, Anthony. World War II Day by Day, pg. 35
  6. Myers, Ramon; Peattie, Mark. The Japanese Colonial Empire, 1895-1945, pg. 458
  7. Wouk, Herman. The Winds of War, pg. 72
  8. Brody, J. Kenneth. The Avoidable War: Pierre Laval and the Politics of Reality, 1935-1936, pg. 4
  9. Record, Jeffery. Appeasement Reconsidered: Investigating the Mythology of the 1930s, pg. 50
  10. Mandelbaum, Michael. The Fate of Nations: The Search for National Security in the Nineteenth and Twentieth Centuries, pg. 96
  11. Schmitz, David F. Henry L. Stimson: The First Wise Man, pg. 124
  12. Kitson, Alison. Germany 1858-1990: Hope, Terror, and Revival, pg. 231
  13. Adamthwaite, Anthony P. The Making of the Second World War, pg 52
  14. Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction, pg. 110
  15. Busky, Donald F. Communism in History and Theory: Asia, Africa, and the Americas, pg. 10
  16. [1]
  17. Zaloga, Steven J. Poland 1939: The Birth of Blitzkrieg, pg. 80
  18. May, Ernest R. Strange Victory: Hitler's Conquest of France, pg. 93
  19. Hanhimäki, Jussi M. Containing Coexistence: America, Russia, and the "Finnish Solution", pg. 13
  20. Bilinsky, Yaroslav. Endgame in NATO's Enlargement: The Baltic States and Ukraine, pg. 9
  21. Commager, Henry Steele. The Story of the Second World War, pg. 30
  22. Reynolds, David. From World War to Cold War: Churchill, Roosevelt, and the International History of the 1940s, pgs. 76, 77
  23. Brown, David. The Road to Oran: Anglo-French Naval Relations, September 1939-July 1940, pg. xxx
  24. Kelly, Nigel; Rees, Rosemary; Shuter, Jane. Twentieth Century World, pg. 38
  25. Goldstein, Margaret J. World War II, pg. 35
  26. Shukman, Harold. Stalin's Generals, pg. 113
  27. Shukman, Harold. Stalin's Generals, pg. 113
  28. Badsey, Stephen. The Hutchinson Atlas of World War II Battle Plans: Before and After, pgs. 235-236
  29. Shukman, Harold. Stalin's Generals, pg. 142
  30. Lamb, Richard. War in Italy, 1943-1945: A Brutal Story, pgs. 154-155
  31. Zaloga, Steven J. US Armored Units in the North African and Italian Campaigns 19422-45, pg. 81
  32. Badsey, Stephen. Normandy 1944: Allied Landings and Breakout, pg. 91
  33. Twitchett, Denis; Fairbank, John K. The Cambridge history of China, pg. 566
  34. Hill, J. R.; Ranft, Bryan. The Oxford Illustrated History of the Royal Navy, pg. 362
  35. Thurman, M. J.; Sherman, Christine. War Crimes: Japan's World War II Atrocities, pg. 68
  36. Hill, J. R.; Ranft, Bryan. The Oxford Illustrated History of the Royal Navy, pg. 362
  37. Klam, Julie. The Rise of Japan and Pearl Harbor, pg. 27
  38. Cook, Chris; Bewes, Diccon. What Happened Where: A Guide to Places and Events in Twentieth-Century History, pg. 305
  39. Jowett, Philip S. The Japanese Army, 1931-45, pg. 6
  40. Poirier, Michel Thomas (1999-10-20). "Results of the German and American Submarine Campaigns of World War II". U.S. Navy. Татаж авсан: 2008-04-13.
  41. Donnelly, Mark. Britain in the Second World War, pg. xiv
  42. Yoder, Amos. The Evolution of the United Nations System, pg. 39
  43. History of the UN
  44. Kantowicz, Edward R. Coming Apart, Coming Together, pg. 6
  45. A Constructed Peace: The Making of the European Settlement, 1945-1963, pg. 33
  46. Leffler, Melvyn P.; Painter, David S. Origins of the Cold War: An International History, pg. 318
  47. Dornbusch, Rudiger; Nölling, Wilhelm P.; Layard, Richard G. Postwar Economic Reconstruction and Lessons for the East Today, pg. 29
  48. Bull, Martin J.; Newell, James. Italian Politics: Adjustment Under Duress, pg. 21
  49. Dornbusch, Rudiger; Nölling, Wilhelm P.; Layard, Richard G. Postwar Economic Reconstruction and Lessons for the East Today, pg. 117
  50. Emadi-Coffin, Barbara. Rethinking International Organization: Deregulation and Global Governance, pg. 64
  51. Harrop, Martin. Power and Policy in Liberal Democracies, pg. 23
  52. Smith, Alan. Russia And the World Economy: Problems of Integration, pg. 32
  53. Harrop, Martin. Power and Policy in Liberal Democracies, pg. 49
  54. Harper, Damian. China, pg. 46
  55. Kunkel, John. America's Trade Policy Towards Japan: Demanding Results, pg. 33
  56. "World War II: Combatants and Casualties (1937 — 1945)". Татаж авсан: 2007-04-20.
  57. "Source List and Detailed Death Tolls for the Twentieth Century Hemoclysm". Татаж авсан: 2007-04-20.
  58. "World War II Fatalities". Archived from the original on 2007-02-25. Татаж авсан: 2007-04-20.
  59. "Leaders mourn Soviet wartime dead".
  60. Florida Center for Instructional Technology (2005). "Victims". A Teacher's Guide to the Holocaust. University of South Florida. Татаж авсан: 2008-02-02.
  61. J. M. Winter, "Demography of the War", in Dear and Foot, ed., Oxford Companion to World War, p 290.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy