Jump to content

Дашбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дашбаатар бол Юань улсын сүүл үед орон нутагт гарсан тариачны бослогыг дарангуйлж байсан монгол ноён юм.

Тэрээр Салжууд овгийн хүн болно. Элэнц эцэг нь Нүүрэн ноён, өвөг эцэг нь Есүтэй ноён, эцэг нь Нангиадай ноён болой.[1] Бортөмөр жанжны эцэг. Өвөг дээдэс нь Хубилай хааныг дагалдан Сычуань мужийн Луо луогийн Илбэн тохинуулах яамыг (Сюань Вэй Сы) сахин сууж байсан түмтийн ноёны угсаа юм.

Нутгийн иргэд бослого гаргасанд тэднийг дарсан тул Сычуань мужийн захиргаанаас түүнийг "онгоц ба гүүр гол хариуцсан түмний ноён" болгожээ. Бас Юньнань мужид бослого гарахад дайлаар мордоод гавъяа байгуулсан тул Далигийн илбэн тохинуулах яамны дэд түшмэл болов.[1]

1351 онд Дашбаатарыг Сычуань захиргаа мужийн Цаньжи жэньши (參知政事) түшмэл болгоход тэр өөрийн 3,000 тамачи цэргээ удирдаж пинжан жэнши (平章政事) түшмэл Еожүтай хамтаар Жинсянгийн улаан алчууртаны босогчдыг дайлсан аж.[2] 1352 онд Дашбаатарын 3,000 тамачи цэрэг, нэмж татсан 20,000 хятад цэргийн хамтаар Сянян хотод байсан босогчдын 100,000 цэргийг ялж, 30 жанжныг нь олзлон, тус хотыг бүсэлж, түүний ойр орчин дахь Чү шань, Сян шань, Нан жэн, И чэн тосгодыг эзлээд, хэдэн хоногийн дараа Сянян хотыг эзлэн авчээ. Улаан алчууртны босогчдын цэрэг Жин мэн, Ань лу, Мянь ян-ийг довтолсонд цэрэг захиран эсэргүүцэн бут цохив. Дараа нь хаан жуу бичиг буулгаж 5,000 цэргийг нэмэн өгч, Чэндүбухаг түүний захиргаанд оруулжээ.[3] Уг гавъяаг үнэлэн Сычуань мужийн юй чэн түшмэл болгож, "Зишань дай фу" (资善大夫, Zī shàn dàfū) зэрэгт дэвшүүлж, хааны эдэлдэг хундага, төрийн бүс соёрхож, дүү Ширэмийг (识里木, Shí lǐ mù) нь Сянянгийн даргачаар өргөмжилсөн байна.[4]

1353 онд Чин ша, Жин мэн тосгод, Жүн фань, Гү чэн, Сяжоуг довтолж, Уданшан (武当山) уулыг эзэлжээ. Энэ гавъяаг нь үнэлж Сычуань мужийн баруун гарын чинсан болгов.[5]

1354 онд Дашбаатар хааны зарлигаар Тайбухатай хамтарч Хэнань мужийн Ань фэнийг дайлаад Жэнжоу, Жүнжоу, Сиүжоуг эзэлж, 12-р сард Хэжоу, Гүнжоуг эзлэн авчээ.[6] 1355 онд Тайбуха нь тушаалдаа эрдэн дураараа аашилж байгаад тушаалаа хасуулж, түүний цэргийг Дашбаатар захирсан аж.[7] Тус ондоо Дашбаатар их цэрэг удирдан байлдаад Лю Футуны цэрэгт цохигдоход Тайбухагийн харъяаны Лю Харбуха өөрийн цэргээ удирдан Пэнь зи давааг давж, улаан алчууртны цэргийг дарж, босогчдод олзлогдсон хүү Бортөмөрийг нь суллан авч, Бянь ляньд сууж, 12-р сард нь Тайхан уулнаа босогчдын цэргийг ялжээ.[8]

1356 онд Дашбаатарыг "алтан бор чимэгт гуан лю дай фу" (金紫光禄大夫, Jīnzǐ guānglù dàfū)-гийн зэрэгт дэвшүүлэв. Түүний дараа тэрбээр мужийн шу ми юанийн хэрэг мэдэгч Тогооны удирдлага доор хүү Бортөмөрийн хамтаар Лю Футуны цэрэгтэй байлдаад ухарчээ. Тэндээсээ Чэн люд цэрэг захиран сууж байгаад 11-р сард Тайхан уул орж, тэнд байсан босогчдын төв хуаранг эзэлж, есөн том жанжин ванг нь олзлон авав. Харин Лю Футун зугтаж, Божоу хотод оржээ. Түүний араас мөшгөн тус хотыг бүслэн байлдаж Хань Линь Эрийг Аньфэнь рүү зугтаалгасан байна.[9] "...Гавъяаг нь үнэлж Дашбаатарыг Хэнань син шэний зүүн гарын чинсан (河南行省左丞相), шу ми юанийн мэдэгч түшмэл (兼知行枢密院事) болгож, Бянь лянийг сахиулж, дүү Ширэмийг Юньнань син шэний зо чэн (左丞) түшмэл болгож, хүү Бортөмөрийг Сычуань мужийн зо чэн түшмэл болгов...".[10]

1357 оны 9-р сард Дашбаатар цэрэг удирдаж Гуан чэн, Дун мэн, Чэн юанийг буцаан авчээ. 10-р сард Цаожоу хотод бослого өрнөсөн тул Лэй жоу, Зэ жоугаар цэргээ хувааж, шу ми юанийн мэдэгч түшмэл Дармаширийг илгээхэд тэр ялагдав. Үүний дараа 1358 онд Дашбаатар дахин босогчидтой дайтаад ялагдан бүслэгдэх үед босогчдын зүгээс Дашбаатартай найртай харилцсан мэт захиаг хуурамчаар тараасан ба үүнд хааны ордныхон итгэж, Дашбаатарыг зэмлэхэд тэрээр бухимдаж нэг шөнийн дотор амиа хорлон үхжээ.[11] Үүний дараа Бортөмөр-т эцгийнх нь цэргийг захируулж, Хэнань мужийн пинжан жэнши түшмэл болгосон ажгуу.

Хүртэж байсан хэргэм зэрэг, албан тушаал

[засварлах | кодоор засварлах]
  1. Сычуань мужийн онгоц ба гүүр гол хариуцсан түмний ноён (四川省船桥万户, Sìchuān shěng chuán qiáo wàn hù)
  2. Далигийн илбэн тохинуулах яамны дэд түшмэл (大理宣慰司都元帅, Dàlǐ xuān wèi sī dōu yuánshuài)
  3. Сычуань захиргаа мужийн Цань Жи жэнь ши түшмэл (參知政事)
  4. Сычуань мужийн юй чэн түшмэл
  5. Зи Шань дай фу зэрэг (资善大夫, Zī shàn dàfū)
  6. Сычуань мужийн баруун гарын чинсан
  7. Алтан бор чимэгт гуан лю дай фу (金紫光禄大夫, Jīnzǐ guānglù dàfū)
  8. Хэнань син шэний зүүн гарын чинсан
  9. Шу ми юанийн мэдэгч түшмэл (河南行省左丞相)
  10. Кайфу итун сансы цол (开府仪同三司)
  11. Тайвэйгийн хэргэм (太尉)
  12. Сычуань мужийн зүүн гарын чинсан (四川行省左丞相)

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. 1.0 1.1 Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 52.
  2. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 52.
  3. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  4. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  5. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  6. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  7. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  8. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  9. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 54
  10. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 55
  11. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 56
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy